Тагнуулчдын тухай кинонуудад ихэвчлэн олон янзын тусгай зориулалтын багаж, хэрэгсэл ашигладаг билээ. Хүйтэн дайны жилүүдэд ЗХУ болон Америкийн тагнуулууд гутлын уланд суурилуулсан дамжуулах хэрэгсэл, уруулын будганд нуусан гар буу гэхчлэн олон багаж хэрэгсэл ашигладаг байжээ. АНУ-ын Тагнуулын төв газрын олон улсын тагнуулын хэрэгслийн музейн түүхч Томас Богхартын нэрлэсэн XX зууны хамгийн сонирхолтой арван тусгай зориулалтын хэрэгслийг толилуулья.

1.Барын ялгадсанд нуусан дамжуулагч
Ийм дамжуулагчийг тагнуулчид өргөнөөр ашигладаг байж. Америкийн цэргийн тагнуулчид Вьетнамын дайны үеэр барын ялгадсаар өнгөлөн далдалсан дамжуулагчийг ашигладаг байж. Гэвч энэ төрлийн дамжуулагчийн дутагдалтай тал нь хэн нэгэн сэжигч хүн дамжуулагчтай ялгадсыг өөр тийш нь хаяснаас тагнуулын ажиллагаа бүтэлгүйтэх тохиолдол гардаг байсан гэдэг.

2.Модны холтсонд байрлуулсан тагнах хэрэгсэл
Модны холтсонд нуусан хэрэгслийг 1970-аад оны үед АНУ-ын тагнуулын алба ЗХУ-ын эсрэг ашиглаж байжээ. Москва хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэгэнд нуусан тагнах хэрэгслээр ЗХУ-ын нисэх хүчний баазуудын удирдлагадаа дамжуулсан мэдээллийг замаас нь барьж хиймэл дагуулд цацан ТТГ-т дамжуулдаг байв. Нарны эрчим хүч ашигладаг байсан тул тагнах хэрэгслийн зай хураагуурыг цэнэглэх шаардлага байгаагүй аж. Гэвч ЗХУ-ын тагнуулын албаныхан уг хэрэгслийг илрүүлж, энэхүү ажиллагааг таслан зогсоожээ.

3.Камертай тагтаа
Тагнуулын зураг авах зориулалттай онгоц үүсэхээс өмнө тагтаа тагнуулын албаны үнэнч албат байв. Камер зүүсэн тагтаанууд дайсны газар нутаг дээгүүр нисэхэд онцгой обьектуудын зураг хальсанд бичигддэг байжээ. Тагтаа ийнхүү зураг авахын зэрэгцээ радио холбоо муу үед бичиг захидал зөөх ажилд ч томилогддог байв. Тиймээс 1950-аад он хүртэл тагтааны эрэлт хэрэгцээ тун их байсан гэдэг.

4.Болгар шүхэр
Болгарийн тэрс үзэлтэн Георгий Марковыг 1978 онд Лондонд тусгай албаныхан хорлохдоо шүхэр хэлбэртэй багаж ашиглажээ. Энэ нь ердийн шүхэрний гол төмрийг өөрчлөн, гох дарахад хохирогчийн бие рүү хорт сум харвахаар зориулагдсан зэвсэг байв. Болгарт 1991 онд социалист систем задран унасны дараа хорт сумтай шүхэр олноор олджээ.

5.Нууц үг тайлагч
Жагсаалтын тавд орсон нууц үг тайлагчийг Америкийн иргэний дайны үед зохион бүтээжээ. Ашиглах арга нь тун энгийн. Тойрог доторх хүрдийг эргүүлж гаднах хүрдтэй тохируулан нууц үгийг тайлдаг. Ингэж нууц үг тайлах нь амархан мэт боловч ихэнх тагнуулууд захидлаа гадаад хэлээр нууцалж, нууц үг тайлагч нараас хамгаалдаг байв.

6.“Энигма” аппарат
Дэлхийн II дайны үед Германы нууц албаныхан “Энигма” нэртэй техник ашиглан хоорондоо харилцдаг байв. Гаднаас нь харахад ердийн бичгийн машинаас үл ялгарах уг хэрэгсэл дотроо товчлуурын даралт бүрийг морзын код болгон хувиргадаг тусгай хүрдтэй. Өдөр бүр хүрдний эргэлт, нууц үг тайлах бичгийг сольдог байв. Дайны дунд үед Германы энэ аппаратыг холбоотнууд олзолсон нь ялалтад хүрэх нэг нөхцөл болсон гэж түүхчид үздэг.

7.Өсгийндөө дамжуулагчтай гутал
Зүүн Европт 60, 70-аад онд ажиллаж байсан дипломатууд хувцас болон ахуйн хэрэгслээ Баруун Европоос захиалж авчруулдаг байжээ. Үүнийг ашиглан Румыны тагнуулууд шуудангийн төвүүдэд ажиллан, дипломатуудын захиалсан гутлыг замаас нь авч өсгийнд нь дуу, чимээ дамжуулах хэрэгсэл суулгадаг байж. Өдөр тутмын аюулгүй байдлын үзлэгийн үеэр хамгаалагчид гутлын өсгийд суурилуулсан дамжуулагч хэрэгслийн долгионыг илрүүлсэн байна.

8.Бичил камер
БНАГУ-ын Гадаад тагнуулын алба 1960-аад оны үед фото зураг авмагцаа химийн урвалд оруулан бичил хэмжээтэй болгож нууцалдаг зургийн аппарат захиалдаг байжээ. 1941 онд ЗСБНХУ-д ажиллаж байсан тагнуулч Душка Попов АНУ-ын ТТГ-т германчууд Шүрэн боомтыг сонирхож буй талаарх мэдээллийг ийм аппаратаар илгээжээ.

9.Камертай хүрэм
ЗХУ-ын тусгай алба болох УАХБ 1970-аад оны дундуур Ф-21 төрлийн камертай цув, хүрэм хэрэглэдэг байсан. Цувны товчинд нуусан камер, халаасанд нуусан удирдлага зэргээс бүрддэг. Ийм цувыг олон хүн цугласан үед хэрэглэхэд тохиромжтой.

10. Уруулын будганд нуусан буу
1960-аад оны үед ЗХУ-ын УАХБ-ын илчлэгдсэн тагнуулаас уруулын будганд нуусан 4.5 мм-ийн гар буу олджээ. “Үхлийн үнсэлт” хочтой энэхүү зэвсгийг ашиглаж хэн нэгнийг хөнөөсөн хэрэг гараагүй ч түүний хувилбар болох цианитаар хордуулсан сумтай буугаар мэдээлэгч этгээдийг устгаж байсан баримт бий.

Өнөөдөр сонин

0 comments:

Post a Comment

Блогт минь сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд цаг тухайд нь хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: Зурвасчин